2007-06-13
39_Түүний бас Миний Тухай… Маш Жаахан

Түүний бас Миний Тухай… Маш Жаахан

Бичсэн life , 6 сарын 13, 2007

Ойрд сэтгэл санаа их өөдрөг байнаа. Жаахан мартамхай болсныг эс тооцвол сайхан сэтгэлтэй хүмүүс туслая гээд л санал тавьж байгаад дотроо их баярлах боловч яг үнэндээ санаа зовох юм аа. Яагаад ч юм бэ хар багаасаа өөрийнхөө төлөө өрөөлийг зовоохыг хүсдэггүй нэгэн зан дотроос хатгаад байх юм.

Би багаасаа өвөө дээрээ эрх танхилхан өссөн нэгэн. Хэтэрхий сайхан, үр хүүхдэдээ хайртай ээж аав, өвөө, ах эгчийн хайрлаж өсгөсөн сайхан сэтгэлийг, ач буяныг одоо хариулж байх ёстой атал… шал өөр юм хийгээд явж байх юм.

Өвөө маань амьдралынхаа олон жилийг гэр бүлээрээ/миний эмээ, ээж, ээжийн ах, дүү гээд л/ гадаад оронд өнгөрүүлсэн болохоор амьдралын ухаан нь арай л бусдаас өөр. Тиймдээ ч надад бусдаас арай өөр, аливаа зүйлийн үнэ цэнэ, утга учирыг ухаж ойлгох хүмүүжил суулгасан байх. Тийм болохоор өвөө минь миний бахархал болдог юм. Бас хорвоод хүн болж ирэхэд минь дуудах нэрийг өвөө минь өгсөн. Өвөөгийн надад өгсөн нэрийн утга учир нь их ариухан. Тийм болохоор нэр шигээ байхыг аль багаасаа хүсч, хичээж явдаг байлаа.

Өөрийн ачааг бусдын нуруун дээр тохохыг, өөрөөсөө дээгүүр хүнд бялдуучилж явахыг өвөө маань надад сургасангүй. Тиймдээ ч ийм байдлыг тэвчдэггүй нэгэн.

Өнгөрсөн сайхан амьдрал маань дурсамж болон үлдэж өнөөдрийн минь амьдрал ч бас тэгэх л байх. Дүү минь ч ялгаагүй. Миний авсан хүмүүжлийг тэр бас өвлөж авсан.

Гэхдээ тэр энэ хорвоогийн муу муухайг маш бага мэднэ. Цэвэр ариухан юм бүхнийг сайн сайхнаар төсөөлдөг. Юм бүхэнд итгэж, хийж үзэхийг хүсдэг тэр л гайхалтай насан дээрээ хорвоог танин мэдэж, ертөнцийг ямар вэ гэдгийг ойлгож ухаарах тэр л насан дээрээ ӨВЧИН гэдэг зүйлийн боол болоод хэвтэж байгаа.

Өөрөө хүсээд сонгоогүй энэ замаар өөрийн мэдэлгүй л урагшилж байна. Хорвоогийн жам болохоор ухрах биш урагшлахаас ч яахав. Түүнийг урагшлуулж байгаа цорын ганц хүсэл нь АМьДРАХ ХҮСЛЭН.

Энэ хүсэл нь түүнд энэ бүгдийг даван туулах сэтгэлийн тэнхээ биеийн тэвчээрийг суулгадаг юм.

Амьд байж, хүн шиг амьдарч, хөл дээрээ явж чаддаг болохыг, хүний сурсныг сурч, хийснийг хийж, өөрийн гэсэн ертөнцийг байгуулж, түүнийхээ хатан хаан болохыг тэр мөрөөддөг.

Хайрлах дурлах, аз жаргалтай тайван амьдрал өнөөдөр түүнээс хол байгаа ч түүнд энэ бүхнийг өгөхийг та бүхэн хүсч байгаад тэр маш их талархаж байгаа. Дүүгийнхээ чин сэтгэлийн талархлыг та бүхэнд дамжуулж байна.

Тэр маань хэтэрхий өрөвчхөн, хэтэрхий сайхан сэтгэлтэй, бас ухаалаг, Түүнд энэ ертөнцийн амьдралын амт нь дэндүү амттай санагддагаас тэр энэ хорвоогийн нандин сайхан бүхнийг биднээс илүү мэдэрч чадсан. Тиймдээ ч тэр энэ амьдралд маш их, бүр дэндүүүүү их хайртай.

Бичсэн: amidrahhuslen | цаг: 22:26 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 756 удаа уншигдсан.







:-)
 
xaax