Хорьж Болдоггүй Хорин Нас
Бичсэн life , 4 сарын 23, 2007
Хэдхэн жилийн өмнө би 20 настайдаа III курсээ төгсчихсөн, өөрийгөө их л том хүн болчихсон мэтээр төсөөлдөг, үеийнхээ хөвгүүдийг дурлуулж уйлуулдаг бас болоогүйэ girlfriends тэйгээ нийлж дискоддог, өөөөх бас винодчихдог, Хар чоно, Хан брау гээд л famous ресторанд өдрийн хоолонд уригддаг тийм охин байлаа.
20 насныхаа зун хичээл амарсны дараа анхныхаа ажлыг хийж үзлээ. Энэ нь Гадаад яаман дээр 1 хүний туслах маягийн ажил байлаа. Ажил хийх их гоё бөгөөд амархан санагдаж байлаа. Тараад л найзуудтайгаа уулзаад л, хааяа бас машинаар зугаалаад л. Төрсөн өдрөөрөө 20 сарнай аваад л, хайртай гэсэн чин сэтгэлийн үгийг сонсоод л, бацаан байсан болохоор юун тэр хайр ойлгохтой манатай, хайртай гэж 20 сарнай бэлэглэсэн залуугаас зугатаагаад л. Гэрийнхээ гадаа хүлээлгээд л, дүү маань тэр залууг шоолж үйлийг нь үзээд л, заримдаа дүүгээ дагуулж залуутай хамт хөтлөлцөж алхаад л.
Бас анх удаагаа хөдөө яваад Почэмучка гэдэг хоч авч байлаа. Аргагүй л дээ, хэзээ ч очиж байгаагүй хөдөөний амьдрал сонин содон байснаас л тэгж олон почэму гэж асуусан хэрэг.
Хүүхэд байсан 20 нас минь надад мартахын аргагүй сайхан дурсамж үлдээсэн.
Гэтэл тэр минь өнөөдөр 20 нас хүрэхэд дөнгөж 2хон сар дутуу байна. Хуний амьдралын хамгийн сайхан дурсамжуудыг түүнд үлдээх ХОРЬЖ БОЛДОГГҮЙ ХОРИН НАС. Энэ 20 насаа тэр хэвтэж өнгөрөөхийг би харж тэвчишгүй нь.
16 наснаасаа хойш тэр хэвтэрт байна. Хааяадаа босож явдаг байсан ч буцаад л хэвтдэг. Өвчин намдаах эмийн хүчээр өдөр хоногийг өнгөрүүлж байсан түүнд тэр өвчнийг нь намдааж байсан эм эргээд хор болтол тийм ихийг уужээ. Эм гэдэг удаан бөгөөд байнга хэрэглэхээр эргээд хор болдогийг би бодит жишээн дээр мэдэрлээ.
Үеийнх нь хүүхдүүд конкурс өгөөд гүйж явахад тэр маань эмнэлэгт тааз ширтээд л, гунигаа нулимсаараа тайлж, гомдлоо хөнжил дэр хоёртойгоо хуваалцаж хэвтсэн.
Тиймээ, тэр сэтгэлийн тэнхээгээрээ өдий хүртэл амьд байгаа. Түүний амьдрах хүсэл, хөл дээрээ явах хүсэл дэндүү их. Бүүр хэн хүнд байдгаас хэчнээн зуун мянга дахин их.
Өөрөө хөл дээрээ явж чадахгүй байж өрөөл бусдыг өрөвдөх, бусдын төлөө сэтгэлээ зовоох сэтгэл түүнд асар их бий. Тиймдээ ч тэр хэтэрхий сайхан сэтгэлтэй. Муу муухай бүхнийг юу ч мэдэхгүй тийм ариухан.
Би хорин насандаа амьдралыг ягаан шилний цаанаас хардаг байсан шиг тэр бас л нэг ягаахан шилний цаанаас амьдралыг дандаа сайхнаар хардаг. Би түүний энэ ягаан шилийг нь авч хаяхыг хүсэвч одоохондоо чадахгүй. Шилээ авангуут харагддаг саарал амьдралыг түүнд мэдрүүлээд ч ер нь яах юм билээ. Сэтгэлийг нь зовоохын л нэмэр. Гэхдээ миний ягаан шил надад муу муухайг биш, сайн сайхныг харах, мэдрэх, үнэлэх, тэмүүлэх чадвар суулгасан билээ.
Одоо тэр дотроо юу бодож хэвтэж байгаа бол??? Уйлаад гүйдэггүй юмаа гэхэд хааяадаа биеийг нь асуудаг тийм найз хөвгүүн алга, үргэлж ирээд байдаггүй юмаа гэхэд хааяадаа ирээд ярьж суугаад сэтгэлийнх нь зовлонг нимгэлдэг тийм найз охин алга. Тийм хүнийг үгүйлж л байгаа байх.
Нэг л мэдэхэд түүний найзууд мөр мөрөө хөөгөөд одсон байх юм. Хичээл ном, шалгалт шүүлэг гээд завгүй байгааг нь би мэдэж байгаа ч. Сар гаруй болоход түүний найзуудаас хэн нь ч үзэгдсэнгүй. Хөөрхий дүүг минь зовлон дунд нь торойтол орхичихоод гүйгээд л явцгаадаг тийм л найзууд байсан бололтой.
Гэхдээ нэг бодлын энэ нь ашигтай ч юм шиг. Хэрэв тэд ирээд элдэв шоудсан энэ тэрээ яриад хүүхдийн сэтгэл санаа үймүүлчихвэл бас л хэцүү. Тэгэхээр ирэхгүй байсан нь зөв ч юм шиг.
Иймэрхүү таамаг төдий бодлоор амьдрахыг би хүсдэггүй. Гэтэл аргагүйн эрхэнд ийм таамаг бодлоороо л өдөр хоногийг өнгөрүүлэх юм. Эрх хөөрхөн дүүгээ эрүүл болгочихвол эгчийнх нь энэ насны хүсэл биелэх нь тэр дээ.