Гуниг их олон янз байхаа
4 сарын 18, 2007 @ 16:55
Эндээс би бусдын тухай уншдаг байлаа. Бусдын сайн сайханд өөдрөг бөгөөд гэрэл гэгээтэй амьдралд дотроо нууцхан атаархавч тэдэнд илүү сайн сайхныг хүсч, аз жаргалыг ерөөн уншиу суудаг байлаа. Би өөрийгөө жирийн нэгэн монгол бүсгүй гэж тодорхойлохыг хүсэхгүй байна аа. Яагаад гэвэл миний дотоод ертөнцөд бусдаас өөр нэг л танилхан, ихэмсэг бас эрхэмсэгхэн бөгөөд ариухан цайлган цагаан чaнар оршин буй. Энэ л 1 чaнарыг минь олж харж чадсан олзуурхан үнэлж чадсан тэр нэгэн залууг хайрлахыг хүснэм.
Гэхдээ өөрийнхөө тухайн дэлгэн бичихийг хүсэвч юунаас ч яагаад ч юм бэ ичингүйрэн чадахгүй байлаа. Гэвч сэтгэлдээ тээсэн гунигаа бусадтай хуваалцаж. Бусдын надад хандах сайн сайхан үгийг уншихыг хүсч байгаа учраас хүнд хэлээд байдаггүй сэтгэлийн гүн дэхь нууцаа дэлгэхээр шийдлээ.
Өдөр бүрийн өөр саар явдлуудаа биш, харин өөр хүмүүст хэлж чадахгүй үгээ бичихийг хүслээ. Гуниг гэдэг олон янз гэтэл олон янзын гунигууд бүгд нэг дор бөөгнөрөөд байх юм. Хаана тэр вэ миний сэтгэл дотор. Бүгдийг мартаад, харцаа дээшлүүлэн бардамхан алхах хүсэл хичнээн төрөвч... 5 алхамын дараа л буцаад л сэтгэлд гуниг төрөх юм.
Гэр бүлд маань тохиолдоод байгаа асуудлууд, ажил, бас найзууд, мөнгө, хүмүүсийн харьцаа, үл ойлголцол, бусдын үл ойшоосон харц... энэ бүгд шөнө зүүдэнд хүртэл үргэлжилж намайг хүртэл зовоох юм.
Эрчүүдийн сонжин шохоорхсон харц, хүүхнүүдийн атаархсан харц, бас намайг мэдэх хүмүүсийн өрөвдсөн харц, өөрсдийгөө дарга эсвэл албан тушаалтан гээд хамраа сөхчихсөн хоосон толгойтнуудын дээрэлхүү харц, гэр бүлийнхний маань аргаа барсан харц, үйлчлэгч эгчийн ядарсан харц... энэ бүгдтэй харц тулгарах бүрд амьдрал надад амтаа ахин дахин мэдрүүлээд байх шиг.
Гэр бүлийн маань нэг гишүүн хүнд өвдөн хэвтэрт ороод 4 жилийн нүүр үзэж байна. Эмчилгээ сувилгааг тасралтгүй хийж, эмнэлэгээс салалгүй өдий хүрсэн ч ямар ч сайжрал олсонгүй. Гэсэн ч түүний итгэл алдраагүй. Эдгээд, эрүүл болоод ихийг хийх хүсэл эрмэлзэл нь хэвээрээ. Түүнийг харах бүрд сэтгэл минь өвдөж, түүнд хүрэх бүрдээ зүрх минь яаж урагддагыг та бүхэн ойлгох болов уу? Гэрийнхэн маань бүгд над шиг. Бүгд л түүний төлөө зовж, түүнийг эрүүл болгохын төлөө уранхай зүрх, сэмэрхий сэтгэлтэй энэ амьдралыг туулж байгаа. Гэсэн ч энэ бүхнийг хэн хэндээ хэлээд байдаггүй, энэ бүхэн гэр бүлийнхний маань галыг унтрааж, өвчин гэдэг ямар хэцүү, ямар аймшигтай хатуу гэдгийг мэдрүүлэх юм.
Харин тэр өөрөө их тэвчээртэй. Асар их өвдөж байгаа ч нулимсаа нуугаад л, хичнээн чанга ёолоод хаширгамаар байсан ч биднийг бодоод шүд зуугаад л. Инээхэд нь хүртэл эрүү нь өвддөг тийм хүнийг та нар сэтгэлдээ бодоод үз дээ. Өөрийн дураар орон дээрээ хөрвөөж чадахгүй, өөрийнхөө хүссэн зүйлээ идэж болохгүй, хажуудаа тавьсан цайг ч өөрөө аваад ууж чадахгүй хэрнээ өөрөөл бусдын төлөө санаагаа зовоож хэвтдэг тэр хэтэрхий сайхан сэтгэлтэй, бас хэтэрхий залхуу, бас хөөрхөн.
Амьдралдаа хэнд ч ямар ч гэм хийгээгүй, муу муухай бүхнийг юу ч мэдэхгүй. Юм бүхнийг цагааханаар харах түүнд хорвоо яагаад ийм хатуу хандана вэ? Яагаад ийм гунигтай тавилан заяасан юм бол? Бодох бүрд, харах бүрд харуусал төрж, бөөрөнхий ертөнцийг үзэн ядмаар болох юм.
Түүний төлөө хийж болох бүхнийг хиймээр хүсэл хичнээн байвч... Юу ч хийж чадахгүй байгаадаа гутрах юм. Ажилдаа ирээд ажлаа хийж байхад хүртэл санаанаас гардаггүй. Гэсэн ч бусдад энэ тухай дэлгээд байхыг бас хүсдэггүй. Хэллээ ч ойлгох хүн ховор. Ойлголоо гээд ч ер нь яах билээ дээ.
Энэ бүх явдал эхэлснээс хойш миний амьдрал маш их өөрчлөгдсөн. Гал цогтой, инээд хөөрөөр дүүрэн хөгжилтэй зан минь бараг л үгүй болж байх шиг. Хүмүүсийн хажууд нэг л дөмбийсөн, нэг л учир нь үл ойлгогдох бүсгүй. Энэ байдал маань бусдад янз бүрээр л ойлгогддог байх.
Зарим нь намайг их зантай, ихэмсэг бардам гэж боддог. Чамайг анх хараад их зантай, ихэмсэг харагддаг гэж бусдаас бишгүй л сонсож байлаа. Гэсэн ч харилцаад үзэхээр өөр юм байна аа ч гэж сонч байлаа.
Ер нь бодоод байхад би өөрийгөө тойруулаад нэг л хана босгоод тавьчихсан юм шиг.Энэ ханыг нэвтлэж орж ирэх хүн олдохгүй ч байх шиг. Яагаад ийм болсноо мэдэхгүй юм аа. Нэг л мэдэхэд ийм болчихсон байсан. Хүмүүстэй ойртож нөхөрлөж, ярилцаж дотно байх хүсэл миний дотор байвч, бас би өөрийгөө бусад хүмүүстэй ойлголцоод байж чаддаг гэж боддог ч ... өөр нэг өнцөгөөс нь харахад тийм биш ч юм шиг. Сүүлийн үед ер нь найзуудаасаа холдоод байх шиг.
Зарим найзуудтайгаа бүүр ойлголцохоо ч больсон. Тэгээд уулзахгүй их удаж байна. Гэхдээ заримтай нь. Тэгээд тэдний тухай бодохоор өөрийгөө зөв ойлгуулж чадахгүй надад буруу байгаа, бас үнэхээр намайг зөв ойлгож чадаагүй тэдэнд ч буруу байгаа. Гэхдээ л зовох цагт хүний чанар танигддаг гэдэг тун үнэн үг юм гэдгийг сайн ойлгож авлаа. Инээсэн бүхэн миний найз биш байж. Итгэж байсан хүмүүс маань ч миний найз биш байжээ.
Амьдрал надад гашуун бөгөөд хатуу үнэн бүхнээ ойлгуулсаар л байх юм даа. Зарим найзууддаа бас баярлах юм аа. Багадаа их л сайхан найзууд байсан ч их сургуулиа төгсөөд л өөр өөрсдийн замаар явж, өөрийн амьдралаа үргэлжлүүлээд л байнга уулзаад байдаггүй ч намайг орхиогүйд нь баярлах юм. Бас тэд гунигийг минь чадах чинээгээрээ л хуваалцах юм. Бид уулзаад л, бүгд өөр өөрийнхөө амьдралаа ярих үед миний амнаас болж бүтэж байгаа зүйл ерөөсөө гарахгүй үед би бүүр их гунигладаг. Гэсэн ч энэ гунигаа чадах ядахаараа нуудаг. Хүмүүсийн сайн сайхан яриан дундуур өөрийнхөө гунигийг бусдад ярьж тэднийг бас гунигт автуулахыг би хүсдэггүй. Ингээд л энэ бүхнээ дотроо л хандгалж явах болох юм даа.
Заримдаа би өөрийгөө хэзээ ч гэр бүлтэй болохгүй байх гэж бодох юм. Энэ муухай сонсогдож байгаа мэдэж байна л даа. Гэхдээ намайг ойлгож чадах хүнтэй учраагүй л явна. Бурхан тийм хүнийг надад зориулж бэлдсэн болов уу? Гэхдээ миний бүх хүсэл эрмэлзэл бас л унтарчихаагүй бололтой. Би чинь эрүүл хүн шүү дээ гэж бодохоор л бүхнийг давж гарах ёстой гэж боддог юм. Тиймдээ ч энэ гунигаа нууж чаддаг байх. Тэгээд л бусдад их зантай бардам харагддаг ч байж болох юм.
Сүүлийн үед өөрийнхөө зарин эрхийг бүр мөсөн хассан.
Үүнд: таксидах, beer ч юм уу wine уух, ресторанд мөнгө үрэх, элдэв тоглолт, жүжиг үзэх, shopping хийж өөртөө юм худалдаж авах, бусдад бэлэг өгөх, цэцэг авч бэлэглэх, мөн өөртөө бэлэг эсвэл таалагдсан зүйлээ худалдаж авах, бусдыг дайлах, хэн нэгнийг хоолонд урих, элдэв дэмий зүйлд мөнгө үрэхгүй байх гээд л. Яг одоо санагдаж байгаа нь л энэ. Хэмнэх гэдгийг ч жинхэнэ үзүүлж байгаа биз. Ингэж хэмнэх нь бас шалтгаантай л даа. Би баясаад, зугаацаад явж байхад гэрт маань тэр өвчтэй намайг үгүйлээд хэвтэж байгаа шүү дээ гэж бодохоо аяндаа л ийм болчимсон.
Бас хэт даруухан ч болчихсон юм шиг. Урьд нь ийм ч юм үзэх юм сан, тийм ч юм худалдаж авах юм сан, ингэж гоё харагдах юм сан, энэ тэр гэдэг байсан бол энэ бүх хүсэл маань нэг л мэдэхэд алга болсон байлаа. Энэ бүхнээс хэмнэсэн мөнгө, энэ бүхэнд үрж байсан цаг хугацааг гэртээ л өнгөрөөдөг болсон. Тэгээд л гэр ажил, гэр ажил гэсэн тогтмол cycle тай болчихсон. Дунд нь хааяа нэг багынхаа girlfriends тэй уулзана. Хайртай байсан залуугаа бас хааяа бодно. Надаас холдсонд нь хааяа бас түүнд баярлах юм. Яагаад гэвэл надтай найзлаж байсан бол тэр ч бас гунигтай болчихсон байх ч юм бил үү, бүү мэд. Өөрийнхөө гунигтай хувь тавиланг бусдад нялзаахийг хүсэхгүй болохоор түүнээс салсан нь зөв ч юм шиг. Тэрэнтэй уулзалдахаа болиод бас л удаж байгаа. Удаж байгаа ч түүнийш хааяа санадаг. Хааяа хэтэрхий ганцаардсан үедээ бүүр галзууртлаа санадаг. Гэсэн ч мартахыг хүсдэг
Өөр хүнтэй найзлах хэрэгтэй гэж мэдэж байгаа ч ... намайг сонирхох эрчүүд бишгүйдээ нэг байвч... одоо гэрлэж үр хүүхэдтэй болохгүй бол нас минь яваад л байгаа ойлгож байгаа ч... бүх зүйл яг хэвэндээ.
Намайг сонирхдог эрчүүд ерөөсөө надад таалагддаггүй. Тэд хэзээ ч миний доторхи сэтгэлийг ойлгоддоггүй. Зөвхөн өнгөцхөнөөр л намайг хардаг, сонирхдог ч юм шиг санагддаг юм. Зарим нь гэр бүлтэй үр хүүхэдтэй мөртлөө намайг сонирхдог. Зүгээр л түр зуурын харилцааг надаас хүсдэг. Миний тухай юу ч мэдэхгүй байж надаас ийм зүйл хүсдэгт нь би их гайхдаг. Харин тэд чи сайхан бүсгүй, бас ухаалаг учраас чи их таалагддаг, тийм болохоор чамтай дотно байхыг хүсч байна гэсэн хариулт өгдөг.
Гэхдээ намайг өөрийгөө сайхан бүсгүй, бас ухаалаг гэж магтаж байна гэж битгий ойлгоорой. Бас хөнгөмсөг болохоор нь хүмүүс тэгэж хандаж байгаа байх гэж битгий бодоорой. Би хэзээ ч гэр бүлтэй хүнийг сонирхож байсангүй. Яагаад гэвэл гэр бүлтэй, 2 хүүхэдтэй залууд нэг найз маань дурлаад, хамаг амьдралаа түүнд зориулж байгаа гашуун туршлага хажууд маань байгаа. Тэр маш сайхан бүсгүй. Ухаалаг, боловсролтой, сайхан сэтгэлтэй, сайхан бүсгүй. Оюутан байх цагаасаа л тэр залууд амьдралаа зориулсан. Харин тэр залуу 2 нутагтны амьдралаар олон жилийг өнгөрөөж байгаа. Яаж болоод байдаг юм бол бүү мэд. Түүний эхнэр гэж бас нэг бүсгүй байгаа шүү дээ. Тэр хүн бас юу бодож, яаж амьдардаг юм бол, бас бүү мэд.
Single залуучууд бас л сонирхол татдаггүй. Хүнтэй уулзсны дараа энэ хүнтэй ахиад уулзах юм сан гэсэн сэтгэгдэл үлддэг ш дээ. Харин би тэгэхгүй байх юм. Хүмүүс надаас ирээдүйн нөхөр болох хүнээ ямар байгаасай гэж боддог вэ? Хайр сэтгэл гэж юу вэ? Sex ийн тухай ямар бодолтой байдаг вэ гэх мэтчилэн маш хэцүү асуултууд асуудаг. Гэтэл энэ бүхэнд би хариулж чаддаггүй. Бас дотроо хичнээн бодовч тохирох хариулт олддоггүй. Би мэдээж хүн юм чинь энэ тухай дотроо боддог л байж таараа ш дээ. Гэсэн ч хариулах гэхээр ерөөсөө чадахгүй юм. Ёстой сонин.
Гэхдээ тэд бол бас муу муухай, ухамсаргүй хүмүүс бас биш ээ. Бүгд л сайн сайхан мэргэжилтэй, боловсролтой, ухаалаг, нийгэмд өөрсдийн байр сууриа эзэлсэн хүмүүс. Намайг сонирхож, надтай дотно байх гэсэнд нь би тэднийг буруутгаж, муу санасандаа тэднийг сонирхол татдаггүй гэсэн юм биш. Хэрвээ тийм байгаагүй бол би дотроо илүү муухайг бодох ч байсан юм билүү. Зүгээр л өөртөө төрсөн сэтгэгдлээ л үнэнээр нь бичиж байна.
Заримдаа юм бодоод хүний яриаг ч сайн анхаараагүй байх юм. Би чинь залуухан бүсгүй шүү дээ, ийм байж болохгүй ээ, өөдрөг бай гэж өөртөө өчнээн зуун удаа хэлсэн ч... Би ингэж болохгүйг мэдэж байгаа ч... Амьдрал минь ийм байгаа ч өөрийгөө цааш нь хөгжүүлж өөртөө цаг гаргах ёстойг мэдэж байгаа ч ... ерөөсөө нэг л өөрчлөгдөхгүй юм аа.
Гэхдээ мэдээж бас хэн нэгнийг хүсдэг. Тэр хүнд эр хүний „мужик“ зан төлөвшсөн байгаасай гэж боддог юм. Тийм хүнд хөтлүүлээд, халамжлуулаад, жаргалтай алхах юмсан гэж хааяа боддог.
Уг нь өөрийгөө өөрчилнө гэж нэг хүнд амласан юмсан. Гэсэн ч амлалтаа биелүүлж чадахгүй яваад л байх юм, өдөр хоног өнгөрөөд л байх.
Хүн ер нь өөртөө оногдсон үүргээ өөрөө л биелүүлэх ёстой.
Энэ бол хувь тавилан байх.