2007-06-07
32_Өвчний Онош

Өвчний Онош

Бичсэн life , 6 сарын 7, 2007

Дүүгийн маань энэ өвчин бол зүгээр л хоолойны ангина үе мөчиндөө орсон гэсэн оноштойгоор эхэлсэн юм. Өвдөж эхэлсэн цагаасаа байнга эм ууж, тариа тариулдаг байлаа.

Энэ өвчнийг зөвхөн антибиотикоор л эмчилдэг учраас дүү маань байнга л тариулдаг байсан. Сүүлдээ энэ өвчин эмэндээ дасан зохицоод эм нь нөлөөлөхөө больсон. Бас мөөгөнцөртөөд 1 ширхэг эм уунгуут л амаар нь дүүрэн мөөгөнцөр гараад эм ч нөлөөлөхөө больсон. Мөөгөнцөрийн эсрэг эмчилгээ хийлгэсэн ч олигтой үр дүн өгөөгүй. Цусаа ч шүүлгэсэн. Сайн үр дүн гараагүй, үе мөчний өвчин нь улам ихдээд өөрөө хоолоо идэж чадахаа ч больсон.

Системийн эмчилгээг 2 удаа хийлгэсэн. Сая бас хийлгэсэн. Одоо гар нь хөшөөд л байгаа. Сүүлдээ байнга хэрэглэсэн эмний хор нөлөө, сөрөг талууд гарч эхэлсэн. Бас сүүлийн 2 жилийг өвчин намдаах эмээр аргалж өнгөрүүлсэн. Өвчин намдаах лааг хэрэглэсээр байгаад шулуун гэдэс нь өрөвссөн. Иймээс ахин хэрэглэх аргагүй болсон.

Энэ бүхэнд манай Mонголын эмч нар ахиад л өнөөх л антибиотикийг бичиж өгөх, тариулах гэх мэтийн эмчилгээ л хийдэг. Одоо энэ бүгд үйлчлэхээ нэгэнт өнгөрсөн. Эмч нар яaхаа мэдэхээ болиод дүүг маань эмнэлгээс гаргасан.

Өвчин намдаах эмийг удаан хэрэглэснээс болж цус багадалт үүссэн. Энэ бол өвчин намдаадаг эмийн сөрөг нөлөө юм байна. Үүнээс болоод биеийг нь бүтэн тойрч эргэж байх ёстой цус нь гүйхээ больсон. Мөн судаснууд нь нарийссан. Бас зүрхний ховдолд нь хэвийн хэмжээний цус очихгүй байснаас болж ховдол хоосон ажилласнаас зүрхний импакт болсон. Ингээд ухаангүй эмнэлэгт очсон. Бүтэн 9 хоног шахуу ухаангүй байсан. Эхний 2 хоног нь гэртээ, 7 хоног нь эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт.

Одоо хүний биед байх цусны ердөө 50% нь байгаа, гэхдээ цусны бүтэц нь бас өөрчлөгдсөн. Цусны бүтцийг зөв болгож байж цус төлжинө. Шинжилгээний хариугаар хүний цусанд байх ёстой цагаан бөөм 10.000 байдаг бол дүүд маань ердөө 1.000 байна. Бас улаан эс бага. Ийм байхад хэзээ ч хоол тэжээлээр цус төлждөггүй юм байна. Заавал зөв бүтэцтэй байж цус төлжинө гэсэн. Харин энэ бүцийг зөв болгох эмчилгээг Mонголд хийдэг боловч одоогоор эмч нар дүүд маань хийгээгүй л байна. Гэнэт ихээр цагаан бөөм оруулж болохгүй гэсэн хариултыг эмч надад өгсөн. Хэрвээ ингэвэл ахиад зүрхэндээ нөлөөлнө гэсэн.

Яг одоогоор миний мэдэж байгаа бүхэн энэ.

Анхнаасаа амь наснаас хол гэдэг байсан өвчин 4 жилийн дотор ийм байдалд хүрсэн. Яг үнэндээ манай эмч нар яaгаад энэ өвчний вирус биеийг тойроод яваад байдгийг мэдэхгүй байгаа. Дүүгийн маань эхлээд хөл өвдвөл 7 ч юм уу 10 ч юмуу хоногийн дараа гар нь өвддөг. Дараа нь нөгөө хөл, гар, мөр, тохой, шагай, гээд л биеийнх нь үетэй газар бүр ээлжлээд өвддөг байсан. Бас хамраас нь цус гоождог байсан, гэхдээ бүүр эхний үед нь.

Бас байнга эм тариа хэрэглэж байснаас ч өөр өвчин нэмэгдсэн байхийг үгүйсгэхгүй. Яагаад вэ гэвэл манай монголийн эмч нар өвчин бүрт л ихэвчлэн антибиотик өгдөг, энэ нь элэг, ходоод, цус гээд л дотор эрхтнүүдэд муугаар нөлөөлдөг богоод ямар ч эмч үүнээс сэргийлэх эмийг давхар уулгадаггүй. Тэгээд антибиотик хэрэглэсэн хүн хэдэн жилийн дараа ходоод, элэг гээд л дотор эрхтнүүд нь өвчилдөг. Энэ бол бараг л бичигдээгүй хууль болчихсон гэмээр.

Дүү маань эмчийн үгээр л, эм тариагаа цагт нь уудаг, маш хичээж эмчилгээгээ хийлгэдэг байсан, энэ бүхнийг маш их тэвчсэн. Үнэндээ энэ их тэвчээр нь эрүүл болж хол дээрээ явах юмсан гэсэн асар их хүслээс нь л гардаг байсан юм.

Тэгээд ч ангийнхан, найз нөхөддөө эрүүл хүн шиг харагдах гэж их л хичээдэг байсан даа. Өвчин намдаадаг эмээ өглөө уух байсан ёстой байтал уухгүй гүрийж өвчнөө тэвчиж байгаад л яг найзуудтайгаа уулзахийн өмнө л уудаг байсан. Яагаад гэвэл ингэж уувал илүү нөлөөлөөд өвчин ни арай илүү намддаг. Би үүнийг нь мэддэг байсан ч хорьж зүрхэлдэггүй байсан юм. Мэдээж хүн гэдэг бол нийгмийн бүтээгдэхүүн учраас хүнд хүнтэй уулзаж, хүнтэй ярих шиг хэрэгтэй зүйл хаана ч үгүй билээ. Ялангуяа гэртээ байнга хэвтэрт байдаг миний дүү шиг хүнд энэ хааяа нэг хүмүүстэй уулзах нь л сэтгэлийг нь жаахан ч болов хөгжүүлдэг байсан юм.

Бид их эртнээс гадагшаа эмнэлэг хөөцөлдөж эхэлсэн. Одоогоор 1 эмнэлгээс маш сайн хариу ирсэн. Хөнгөлөлттэй үнээр оношлогоо хийж өгье гэсэн. Гэхдээ Mонголоос явуулсан бидний оношийг тун ойлгомжгүй бүрхэг байна. Ийм оношоор хариу өгөх боломжгүй тул эхний ээлжинд оношлогоо хийж байж дараагийн эмчилгээ тодорхой болно. Тиймээс яаралтай ирэхийг сануулсан. Бас хэрэв манай эмнэлэг эмчилж чадахгүй бол энд өөр нэртэй сайн том эмнэлгүүд байдаг тул өөр эмнэлэгт шилжүүлж өгч болно. Гэхдээ үүнд зардал мөнгө их орохыг сануулсан.

Энэ эмнэлэгт сахиур нь төлбөртэй байдаг. Манай дүүг заавал хүн сахих шаардлагатай. Тийм болохоор бид одоо зардлын мөнгөө олчихвол явж болох байнаа. Гэхдээ би энэ талаар нэлээд зүйл хийж байгаа боловч ямар ч үр дүн гарсангүй. Ямар аргаар энэ мөнгийг олохоо би мэдэхгүй л сууж байна. Мэдээж дор хаяхад $10.000 хэрэгтэй. Мин. хэмжээгээр. Үүнд замын зардал орсон. Очоод бас нэлээд өндөр төлбөртэй эмчилгээ хийх байх даа. Энэ эмнэлгээс хариу ирээд бараг 2 сар өнгөрчихлөө. Ингээд л удаад байвал бас яах ч юм билээ бүү мэд. Миний санаа үүнд их зовж байна. Ер нь надад санаа зовохгүй нэг ч асуудал алга.

Бид өнгөрсөн жилийн бүтэн зуныг эмчилгээний зардал олоход зарцуулсан. Олон ч сан, клуб, байгууллагад хандаж байсан боловч үнэндээ ямар ч үр дүн гараагүй. Тийм болохоор одоо би яаж хөөцөлдөхөө мэдэхгүй л сууж байна. Гэхдээ л ямар нэг гарц заавал олох болно. Хорин настай хөөрхөн дүү хорвоод надад ахиад заяахгүй шүү дээ.

Хэрвээ та бүхэнд ямар нэг санаа, зөвлөгөө байвал надтай хуваалцахыг би чин сэтгэлээсээ гуйж байна. Үнэхээр надад одоо дүүгийнхээ төлөө юу ч хийсэн хамаа алга. Гэхдээ мэдэээж хулгай хийж, худлаа ярихгүй л дээ. Хөөрхөн жижигхэн дүүгээ хүн шиг хөл дээрээ явахыг нь харах юмсан л гэсэн ганц бодол байна даа.

Бичсэн: amidrahhuslen | цаг: 21:53 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 375 удаа уншигдсан.







:-)
 
xaax